Карлын Их Сургууль
Праг хотын Ка́рлын Их Сургууль (, Латин: Universitas Carolina, Герман: Karls-Universität Prag; мөн Прагийн Их Сургууль гэх нь элбэг байдаг) нь Чех улсын гол Их сургууль. Эзэн хаан Карл IV дүгээр 1348 онд байгуулсан Төв болон зүүн Европын хамгийн эртний Их сургууль юм. Чех болон англи хэл дээр хичээлүүд ордог байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]13 дугаар зууны сүүлчээр Прагад их сургууль байгуулагдах нөхцөл бүрдэж эхэлсэн байна. Шинжлэх ухааны зэрэг цолтой болохын тулд Прагийн оюутнууд гадаад явах шаардлагатай болсон нь (ялангуяа сүмийнхэн) ихээхэн хүндрэлтэй гэж үздэг байжээ.
Вацлав II хаан Гэгээн Витагийн Ариун сүмийн дэргэдэх сургуулийг (“studium generale”) их сургууль болгож өөрчлөх талаар мөн бодож байжээ. Гэвч 1294 онд боловсролд сүмийн нөлөөг онцгой их болгохоос эмээсэн Чехийн язгууртнууд саад болсон байдаг.
Праг хотод дээд сургууль (лат. universitas) бий болсон шалтгаануудын нэг нь 1344 онд Прагийн екископын зөвлөлийн газрыг хамба лам тэргүүлдэг болгон өөрчилсөн явдал байв. Бохеми нутаг Германаас сүмийн хараат байхаа бүрэн зогсоож, Арношт сүмийн анхны Хамба лам нь болжээ. Хамба Их сургууль байгуулах санааг анх гаргасан байх магадлалтай.
1346 онд эзэн хаан IV Карл хаан ширээнд заларсан. Тэр үед тэрбээр гучин нэгэн настай байхдаа Францад бага боловсрол эзэмшсэн бөгөөд Карлын бичиг үсэг, мэдлэг чадвар нь европын ихэнх хаадынхаас хамаагүй илүү байсныг тухайн үедээ онцолж байжээ. Карл Францын Сорбонны Их Сургуулийн бүтцийг мэддэг байсан учраас Болонья маягийн их сургуулиудыг биш Сорбонны их сургуулийн бүтцийг үлгэр болгон авсан гэж үздэг.
1347 онд Карл хаан ромын Пап Климента VI -гаас Их сургууль байгуулах албан ёсны зөвшөөрөл авсан нь Их сургууль нээх эхний алхам болсон байна. Ийнхүү Прага хотын Их сургууль дөрвөн факультеттай анх байгуулагдсан: Хууль зүйн тэнхим, Чөлөөт урлагийн тэнхим, Анагаах ухааны тэнхим, тухайн үедээ ховор шашин судлалын тэнхим. Энэ нь дундад зууны үеийн албан ёсны шинжлэх ухааны бүх хүрээг хамарч чаджээ.
Эрхзүйн хувьд Их сургууль байгуулах тухай Карл IV дүгээр 1348 оны 4-р сарын 7-ны өдрийн зарлигаар баталгаажуулсан байдаг учраас энэ нь Карлын Их Сургууль албан ёсоор байгуулагдсан өдөр гэж үздэг байна.
1350 онд Их сургуулийн тамгыг Нюрнберг хотын үнэт эдлэлийн дарханы газар хийлгэсэн бөгөөд энэ нь одоог хүртэл тус их сургуулийн албан ёсны бэлгэ тэмдэг хэвээр байна. Энэ нь ойролцоогоор зургаан см диаметртэй дугуй мөнгөн шахмал юм. Түүн дээр Карл IV Гэгээн Венсласын өмнө өвдөг сөгдөн, Их сургууль байгуулах зарлигийг түүнд гардуулж буйг дүрсэлсэн байдаг. Ийнхүү Их сургууль Чехийн гол гэгээнтний хамгаалалт, халамжинд шилжсэн байна.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]Одоогоор тус Их сургуульд 50 мянга гаруй оюутан суралцаж байгаагийн долоон мянга орчим нь гадаадын иргэд бөгөөд дийлэнх нь Словак, Грек, Их Британиас иржээ. Тус сургууль нь Америк, Европ, Азийн олон дээд боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг. Тус их сургууль нь Оксфорд, Сорбонн, Мюнхений их сургууль, Женевийн их сургууль болон бусад их сургуулиудын нэгэн адил европын томоохон их сургуулиудын холбооны гишүүн бөгөөд дэлхийн тэргүүлэх их сургуулиудын эрдэмтэн профессорууд ирж лекц уншдаг байна.
Одоогийн байдлаар дэлхийн шилдэг их сургуулиудын "Шанхайн зэрэглэл"-ээр 2017 оны байдлаар эхний 300 дотор багтаж байна. Чехийн боловсролын байгууллагуудын дунд нэгдүгээрт бичигдэж байна. Мөн 2012 онд тус их сургууль анх удаа математик, физикийн чиглэлээр шилдэг хоёр зууд багтсан, 2016 онд дэлхийн хоёр зуун шилдэг анагаахын сургуулийн жагсаалтад мөн орсон байна.
Монголоос олон оюутнууд тус Их сургуульд сурч байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Оюун 1987 онд тус сургуулийг төгссөн байна.
2014 оноос Карлын Их сургуулийн ректораар Томаш Зима ажиллаж байна.