Jump to content

Монгол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол Улс
  • ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ
Төрийн дуулал: 
"Монгол Улсын Төрийн дуулал"
Нийслэл
ба томоохон хот
Улаанбаатар
Солбицол: 48°N 106°E / 48°N 106°E / 48; 106
Албан ёсны хэлМонгол хэл
Албан бичигМонгол бичиг
Кирилл бичиг[1]
Угсаатны бүлгүүд
(2020[2])
Шашин
(2020[2])
Ард түмний нэршилМонголчууд
Төр засагНэгдмэл Парламентын засаглалтай бүгд найрамдах улс[3]
Ухнаагийн Хүрэлсүх
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Дашзэгвийн Амарбаясгалан
Хууль тогтоох байгууллагаУлсын Их Хурал
Түүх
МЭӨ 209
1206
1911 оны 12 сарын 29
1924 оны 11 сарын 26
1992 оны 2 сарын 13
Газар нутаг
• Нийт
1,564,116 км2 (18)
• Усны эзлэх талбай (%)
0.67[4]
Хүн ам
• 2023 тооцоо
3,396,788 [5] (?)
• Нягтаршил
2.07/км2
ДНБ (ХАЧП)2019 тооцоо
• Нийт
$47 тэрбум[6] (115)
• Нэг хүнд ноогдох
$14,270[6] (93)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$16.81 тэрбум[6] (?)
• Нэг хүнд ноогдох
$4,946[6] (?)
ОТББИ (2018)32.7[7]
дундаж
ХХИ (2019) 0.737[8]
өндөр · 99
Мөнгөний нэгжТөгрөг (MNT)
Цагийн бүсUTC+7/+8[9]
Огнооны форматжжжж.сс.өө
Жолооны талбаруун гарын
Утасны томьёо+976
ISO 3166 кодMN
Домэйн нэр.mn, .мон

Монгол Улс[10] нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Улсын нийслэл нь Улаанбаатар бөгөөд улс доторх цорын ганц саятан хот юм.

Монгол Улс нь 1,564,116 км2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3.398 сая гаруй хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казах үндэстэн эзэлдэг.

Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн анх суурьшсан цагаас эхлэн нүүдэлчин соёл иргэншил эзэгнэн, Монголын Хүннү, Сяньби, Нирун, Түрэг Уйгур, Кидан улс байгуулагдан оршин тогтнож байв. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулан Евроазийг эзэлсэн эзэнт гүрнийг үүсгэн байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан Хятадын эх газрыг бүхэлд нь эзэлж, Юань улсыг (1271-1368) байгуулж улсын нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлсэн байна. Юань улс унасны дараа төрийн нэгдмэл захиргаа суларч монголчууд бие даасан шинжтэй хэд хэдэн хэсэгт хуваагдан орших болсон.

17-18-р зуунд Зүрчидийн Манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон. 20-р зуунд Монгол улс нь олон улсад тусгаар тогтнолоо бүрэн олж авсны дараа нийгэм, эдийн засаг, төр захиргааны хувьд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист орнуудтай хамтын ажиллагаа бүхий холбоотон улс байв. 1924 онд түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүгд Найрамдах Ардын засаглалыг тунхаглаж, социалист орон болсон.

1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол Улс социализмаас ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагт нийгэмд шилжин орсон.

Монгол Улс нь хөгжиж буй орон юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортолдог. Мөнгөний нэгж — төгрөг.

Монгол Улс нь НҮБ-ын 191 улс болон Гэгээн Ширээт Улс, Палестин, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс юм.

Монгол хэмээх нэрний учир, үгийн гарлын талаар хэдэн янз таамаг бий. Монгол улсыг түүхэнд оршин тогтнож төр засгын дагуу Их Монгол Улс, Юань улс, Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс, Олноо Өргөгдсөн Монгол Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) гэх мэтээр нэрлэдэг. 1992 оны Үндсэн хуулийг баталснаар улсын албан ёсны нэр нь "Монгол Улс" болсон.

Хиймэл дагуулаас харсан зураг

Монгол Улс 1,564,116 km2 талбай газар нутагтай. Энэ нь дэлхийн хуурай газрын бараг 1 хувьтай тэнцэнэ. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19, Ази тивд 7, далайд гарцгүй улсуудаас 2 дугаарт ордог. Нутаг дэвсгэрийн 0.43 хувийг гадаргын ус бүрхсэн.

Монгол Улс Ази тивд хойд өргөрөг (х.ө)- ийн 41°35' - 52°09', зүүн уртраг (з.у)-ийн 87°44'-119°56'-ийн хооронд оршдог бөгөөд ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Дорнод Азид хамаардаг байна. Газрын байрлалаар хоёуланд нь, соёлын хувьд Төв Ази, эдийн засгийн хувьд Дорно Азитай илүү дотно. Саяхнаас Зүүн Хойд Азийн бүсийн хурал зөвлөгөөнд оролцох болсон.

Өмнөд, дорнод, өрнөд гурван талаараа Хятад Улстай 4677 км, умард талаараа Орос Улстай 3543 км зурвасаар хиллэнэ. Далайд гарцгүй. Хилийн нийт урт — 8220 км. Хэдий хиллэдэггүй ч баруун хил Казахстан Улсаас 38-хан километр зайтай.

Хөндлөн 2392 км, гулд 1259 км сунасан «дэлгэсэн тэрлэг шиг»[11] хэлбэртэй. Захын цэг:[12][13]

Монголын байгаль
Үндсэн өгүүлэл: Монгол орны уулс

Монгол төв азийн өндөрлөгт байрлах тул нийт нутгийн 80 орчим хувь нь далайн түвшнээс дээш 1000 м-ээс илүү өндөр оршино. Нутгийн баруун талаар 900 км урт Монгол Алтай, түүний үргэлжлэл Говь Алтайн нуруу байна. Нутгийн төв хэсгээр Хангай, Хөвсгөлийн уулархаг муж (хойш Соён хүрнэ), дорно умард нутгаар Хэнтийн нуруу байна. Зүүн, зүүн өмнөд зүг рүү өндрийн хэмжээ буусан байдаг. Уулсын өндрөөс дурдвал Монгол Алтайн нурууны ноён оргил Таван богд хөвчийн Хүйтэн оргил (4374 м), Хангайн Отгонтэнгэр (4008 м), Соёны Мөнх сарьдаг (3491 м), Хэнтийн Асралт хайрхан (2799 м) юм. Дорнод нутгаар Шилийн богд (1778 м) зэрэг унтарсан галт уулстай.

Томоохон гол, мөрний сав газраар харьцангуй нам доор байна. Нутгийн баруунтаа Их нууруудын хотгор, Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хотгор байгаа бол Дорнод аймагт Монгол Улсын хамгийн нам доор цэг буюу Хөх нуурын хотгор далайн түвшнээс дээш 560 м-т бий.

Увс нуур

Монголд нийлээд 67,000 км урт болох 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн хоёрхон нийслэлийн нэг юм.

Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваан үзнэ. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин Хятадад урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг. Монгол орны хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай.

Хамгийн том нуур нь Увс (3350 км²), хамгийн гүн нуур нь Хөвсгөл (238 м) юм.

Монгол хойноосоо урагш ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн дөрвөн бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс өөд авирахад тайгын болон тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг. Ойт бүслүүр нь тогтмол дулаан, тааламжтай уур амьсгалтай, үржил шим сайтай, ялзмаг ихтэй.

Хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.

Хустайн нурууны тахь

Ургамал, амьтан

[засварлах | кодоор засварлах]

Монгол оронд нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг.

7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино.

Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

Үндсэн өгүүлэл: Монголын хүн ам зүй
т
Физик газар зүйн зураг
Он Хүн ам
(мян.)[14]
1918 647.5
1935 738.2
1956 845.5
1969 1197.6
1989 2044.0
2010 2,754.7
2015 3,000.0
2022 3,457,5
Хүн амын тоо (1961-2003)

Монгол Улс хүн амын тооллогыг ойролцоогоор арав арван жилийн зайтай явуулдаг. 1918 онд явуулсан хүн амын анхны тооллогоор Монгол Улсын хүн ам 647 мянга байсан.[15] Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол Улсын хүн амын тоо эрчимтэй өсч 1966 онд 1 сая, 1988 онд 2 сая хүнтэй болжээ. Нийгмийн шилжилтийн үед хүн амын өсөлт буурч 2010 оны тооллогоор 2.75 сая хүнтэй байсан бол 2015 оны эхэнд 3 сая хүн амтай болсон.[16]

Хүн амын тоогоор дэлхийн 194 улсаас Армени, Литватай зэрэгцээд 135-р байранд байна.

Хүн амын нягт — 1.8 хүн/км² буюу хүн амын хамгийн сийрэг суурьшилтай орон болно.

1000 хүн тутамд 20 хүн төрж, 6 хүн нас бардаг, жилийн дундаж өсөлт — 1.49% (2016он). Хүн амын 36.6% нь 0–14 насны багачууд, 68.9% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4% нь 65-ээс дээш өндөр настан юм. хүйсийн харьцаа жигд, дундаж наслалт — 68.6 жил.[17]

Яс үндэс Хүн ам
(2010 он)[18]
Хувь
Халх ястан 2,168,141 82.4 %
Казах үндэстэн 101,526 3.9 %
Дөрвөд ястан 72,403 2.8 %
Баяд ястан 56,573 2.2 %
Буриад ястан 45,087 1.7 %
бусад ястан 187,387 7.1 %
гадаадын иргэн 16,320 0.6 %

Монгол Улс үндсэндээ нэгэн төрлийн ард түмнээс бүрдэнэ. Хүн амын 97хувь монгол үндэстэн байна.

Ястнаар салган бүртгэдэг уламжлалтай. 2020оны хүн амын тооллогыг үндэслэвэл халх ястан (84%) зонхилж казахууд (3.4%), дөрвөд (2.8%), баяд (2.2%), буриад (1.8%), захчин (1.3%), дарьганга (1%), урианхай (1%), дархад, хотгойд, торгууд, хотон, мянгад, тува, барга, үзэмчин, элжигин, сартуул, хамниган, цаатан, харчин, цахар зэрэг хориод нэрээр бүртгэж байна. Хятад, Орос, Солонгос зэрэг гадаадын иргэн 0.6 хувийг бүрдүүлж байна.[19]

Буриад, Ойрад монгол нь халхжих, тува, хотон, чантуу зэрэг түрэг угсаатан, хамниган тунгус угсаатан нь монголжих үйл явц явагдсаар байгаа. Казахууд Баян-Өлгийд 88% эзэлж байгаа болохоор харьцангуй өөрийнхөөрөө байна.

БНМАУ-ын үед БНХАУ-тай харьцаа муудан 1963—1966 онд Хятадуудыг үлдэн хөөж, Зөвлөлт Холбоот Улс бутрахад 1990—1992 онд Монголд байсан Зөвлөлтийн цэргийн анги, мэргэжилтнүүдийг гаргажээ.[20][21] Ардчилсан Монголд хуулийн хязгаарыг (нийт 3%, нэг улсаас 1%) давахгүйгээр гадаадын иргэд орж гардаг болсон.[22]

Улсын албан ёсны хэл нь монгол хэл байна. Монгол хэл алтай язгуурын монгол бүлгийн гол хэл юм. Монгол Улсад халх аялга голчлох ба буриад аялга, Ойрад аялга, дархад аялга тодорхой ялгардаг. 1941 оноос хойш кирил үсгээр бичдэг болсон. Кирил монгол бичгийн дүрмийг 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан Монгол бичиг 1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа латин үсэг хэрэглэх нь түгээмэл.

Мөн алтай язгуурын түрэг төрлийн казах, тува хэлээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас Англи (сүүлийн үе), орос (Зөвлөлтийн үеэс), солонгос, герман, хятад, япон зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг.

Монголын шашин шүтлэг (2010)[23]
будда
  
53.0%
бурхангүй
  
38.6%
лал
  
3.0%
бөө
  
2.9%
христ
  
2.1%

Монголын ард түмний ихэнх нь буддын шашинтан (53%). Буддын шашны гэлүгва буюу шарын шашин гэсэн ёсыг дагадаг. Мөн шашин, бурхны сүжиг алдрах хүний тоо (38%) өссөн. Хүн амын цөөн хувьд лал, бөө, христийн шүтлэг байна.[24]

Эрт дээр үеэс Монголд бөө, тэнгэр шүтлэг байсан бөгөөд 16-р зуунаас буддын шашин Монголд гурав дахь удаагаа хүчтэй дэлгэрсэн. Жавзандамба нарын олон хутагт хувилгаан тодорсон. БНМАУ-ын эхэн үед шашныг хориглож, сүм хийдийг шатааж, лам нарыг хороож байв. Хожим суларч 1990 оноос хойш шашин шүтэх эрх чөлөөлөгдсөн.

2010 онд буддын 127, христийн 96, лалын 6, бүгд 234 сүм хийд байв.[25] Том нь Гандантэгчэнлин хийд.

Улаанбаатар
Дархан
Эрдэнэт
Үндсэн өгүүлэл: Монголын хотууд

Монголын хүн амын 71 хувь хот газар амьдарч байна.[26] Гэхдээ хот дотроо гэр хороолол их.

Засаг захиргааны хот суурин байхгүй. Уламжлал болон хууль харвал 22-26 хот бий:

2010 оны хүн амын тоогоор:
Үндсэн өгүүлэл: Монголын түүх

Монгол оронд 850,000 жилийн тэртээ «босоо хүн» амьдарч байсан[27] ба балар эртний хүний хадны сүг зураг эд олдвор Хойд цэнхэрийн агуйгаас олддог.[28] Чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийг дамжсаар эртний улсуудын үетэй золгожээ.

Монгол орон эртнээс анчин, малчин, нүүдэлчин ард түмний өлгий байсаар ирсэн бөгөөд тэдгээр нь монгол, түрэг, зүрчид аль ч угсаа байсан үргэлж өмнөд газрын нанхиадтай зууралдан байлдах ба түмэн газрын их цагаан хэрмээр хил тогтдог байв.

Хүннү улс (НТӨ 209 – НТ 48)

Сурвалж бичигт гуйфань, шаньрун, ицюй, ху, линь ху, дунху (дорнод ху), хуньюй, шюжун зэрэг олон нэрээр тэмдэглэгдэж явсаар МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг (НТӨ 209 – НТ 48) нэгтгэн байгуулжээ. Ноён уулнаас Хүннүгийн ноёны бүлэг булш олсон ба хүннүгийн мал адуулах, нум сум, жад, охор илдээр зэвсэглэх нь монголоос ялгаагүй юм. Хүннүгийн зүүн этгээдийн Сяньби хүчирхэгжин Монголыг эзэгнэсэн нь 93–234 он бөгөөд Таньшихуайн үед нэр мандсан.

Дараа нь бас нэгэн монгол угсаат Жужан улсыг (330—555) Шэлүнь хэмээх сайн эр алдаршуулж яваад Түрэг улсад (555—745) зай тавьжээ. Уйгур улсын (745—840) нийслэл Хар балгасыг бас нэг түрэг угсаатан болох Енисейн киргиз галдан шатаасан боловч удалгүй монголын Хидан Улсад (907—1125) түрэгджээ. Кидан хүмүүсыг зүрчидийн Алтан улс мөхөөсний дараа Монголын тал нутагт олон аймаг зэрэгцэн оршиж, олзлон булаалдаж байсан ба хамтатгаад зүбү аймгийн холбоо гэж байв.

Үндсэн өгүүлэл: Их Монгол Улс ба Юань Улс
Чингис хаан
Монголын эзэнт гүрэн

Олон аймгийн дотроос Хамаг Монголын хиад аймгийн боржигон овогт Тэмүүжин буюу Чингис хаан (1162—1227) тодорч татар, мэргид, хэрэйд, найманыг ээлж дараалан дагуулсаар 1206 онд Хэрлэний хөдөө арлын хуралдайгаар нэгдсэн Их Монгол Улсыг байгуулжээ. Чингис хаан «мөнх тэнгэрийн хүчинд» Тангуд, Алтан, Хар Хидан, Сартуул (Хорезм) улсыг дайлан дагуулсан ба найманы Тататунга багшаар Монгол бичиг (эхэндээ уйгуржин), татарын Шихихутуг заргачаар Их Засаг хуулийг зохиолгон улсаа засчээ.

Чингис хааны өндөр төрийг Өгөөдэй хаан залган Хархорумыг нийслэл болгон хөгжүүлж, МНТ-г бичүүлж, Алтан улсыг мөхөөж, дорно Европыг байлдан дагуулсан бол Гүюг, дараа нь Мөнх хаан залгаж Багдадын халифыг буулган Ираныг эзэлжээ. Хубилай хаан 1260 онд Монголын хаан болоод 1271 онд Юань Улс (1271—1368) хэмээх үеийг эхлүүлэн Дайдуг (одоо Бээжин) нийслэл болгон сууж, 1279 онд өмнөд Сүнг мөхөөн Хятад орныг бүрэн эзлэсэн ба буддын шашныг шүтэж, дөрвөлжин үсэг хэрэглэжээ.

Монголын байлдан дагуулал өрнө зүгт Адриатын тэнгис, Египет, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Ява арал хүрч 33 сая км2 газарт ноёрхож байв.[29] «Дэлхийн талыг эзэлсэн» гэж ярих бөгөөд түүхэн дэх хоёрдугаар (Британийн дараа) их нутагтай гүрэн байжээ. Луужин, өртөө, энхтайван, цэргийн арга ухаан, өрнө-дорныг холбосон зэрэг дэвшил, нээлт авчирсан юм. Нүсэрдээд ирэхийн цагт Юань, Зүчи, Цагаадай, Хүлэгүгийн улс болон бутарчээ.

Тогоонтөмөр хаан 1368 онд Хятадыг Мин улсад алдан «Давааны арын орон» буюу монгол нутагтаа эргэн суусан.

14-17-р зууны Монгол улс
Хархорины Эрдэнэ зуу

Тогоонтөмөр хааныг Аюушридар залгаж Хархорумд суусан ч Хархорумыг Мингийн цэрэг 1380, 1388 онд довтлон галдан шатаажээ. 1634 онд Лигдэн хаан нас барж улсгүй болох хүртэл Чингисээс эхлэн тоолвол 39 хаан суусан. Улсын нэрийг эхэндээ «Умард Юань» хэмээсэн ч замхраад хожмоо түүхчид «Бага хаадын үе», «Монголын хаант улс», «Дөчин дөрвөн хоёр» зэргээр нэрийджээ. Улс төрийн эв бутарсан буюу алтан ургийн ноёнтой дөчин монгол (зүүн монгол)-дөрвөн Ойрад (баруун монгол) болон талцаж, хаад нэгнээ хороон солигддог байв. Мин улсын Жөнтун хааныг олзолж байсан Эсэн хаан (1453—1454) алтан ургийн дундуур ганцаар шургасан байдаг. Мандухай сэцэн хатны авчирсан Батмөнх даян хаан (1480—1517) улсаа хурааж «хөл хөсөр, гар газар» амаржуулж байв.

Зүүн монгол нь халх, цахар, урианхай зүүн гурван түмэн, ордос, түмэд, юншээбүү баруун гурван түмэн, баруун монгол нь цорос, дөрвөд, торгууд, хошууд дөрвөн аймагт хуваагдаж байв. Сүүлчийн хаад цахар нутагт (хожмын Өвөр Монгол) сууж байсан ба түмэдийн Алтан хан 1577 онд төвөдийн Содномжамцыг урин залж «Далай лам» өргөмжилсөнөөс эхлээд монголчууд нийтээрээ шарын шашинд орсон нь буддын шашин Монголд гурав дахиа дэлгэрсэн явдал юм. Ар халхад 1585 онд Эрдэнэ зуу хийд баригдсан.

1634 онд манжууд Лигдэн хааныг дарж өвөр монголыг дагуулснаар Монголын хаант улс (1368—1634) мөхсөн юм. Гэхдээ ар Монголд халхын Түшээт, Засагт, Сэцэн ханы гурван аймаг, хотгойд, Шиньжянд дөрвөн Ойрад аймаг тусгаар оршин байв. 1688 онд Зүүнгарын Галданд ялагдан дайжсан Өндөр гэгээн, Чахундорж нар халхаа аван 1691 онд манж Чин улсад дагаар оржээ.

1921 он. Монгол хатан

Манж Чин улс монголчуудыг 1634-1755 оны хооронд гурван хэсэг үед дагаар оруулж эзэрхээд олон хошуу, аймаг, чуулган болгон захирсан бөгөөд өнөөгийн Монгол орныг сүүлийн жилүүддээ «Гадаад (манжаар түлэрги) Монгол» хэмээж байв. Үүнд Сэцэн, Түшээт, Сайн ноён, Засагт ханы халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар, Тагны Урианхайн хязгаар (одоо Тува орон) орж байв. Хожим Богдын шавь нутаг нэмэгдсэн. Гадаад Монголын төрийг засах явдлын яам байгуулагдаж, Улиастай (төв), Хүрээ, Ховдод амбан жанжин суудаг байлаа.

1755 онд хотгойдын Чингүнжав Зүүнгарын Амарсанаатай зэрэг манжийн цэргийн эсрэг босоод дарагджээ.

Чин улс монгол ноёдыг ван, бэйл, бэйс, гүн гэж зэрэглэн алба гувчуур авч, цалин пүнлүү өгч, ардыг дарлах шат тогтолцоог бий болгосон бөгөөд «хятад хүн монгол нутагт сууж болохгүй», «хятад хүн монгол эхнэр авч болохгүй» зэрэг үндэстний шинжийг хамгаалах цааз гаргасан байсан. 1907 онд Ховдын хязгаараас Алтайн хязгаарыг салган байгуулж, мөн онд «Шинэ засгийн бодлого» гэдэг хятаджуулах түрэмгий бодлого явуулж эхэлснээр ар Монголын ноёдын үндэсний ухамсар сэргэн, тусгаар тогтнох эв санаа нэгджээ.

Тусгаар тогтнол

[засварлах | кодоор засварлах]
Богд хаан
1939 он. Халхын голын байлдаан. Жуков, Чойбалсан

Чин улс хэзээ мөдгүй мөхөх нь тодорхой болсон цагт халхын ноёд Их хүрээнд нууцаар зөвлөлдөх болж, 1911 оны 12 сарын 29-нд Богд гэгээн, 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанаар өргөмжлөн Монгол улс сэргэснийг зарлан тунхаглаж, оны цолыг «Олноо өргөгдсөн» гээд улсын нийслэлийг Нийслэл хүрээ хэмээжээ. Монгол улс сэргэн мандахад барга, харчин, өөлд зэрэг олон газрын монголчууд ирж хүчээ өргөж, талархан сайшааж байв. Олноо Өргөгдсөн Монгол Улс таван яам бүхий засгийн газар байгуулаад Хүрээ, Улиастай, Ховдын манж амбан, дарангуй цэргийг хөөн гаргажээ. Тухайлбал 1912 оны зун Дамдинсүрэн, Магсаржав нарын удирдсан 5000 монгол цэрэг Ховдыг чөлөөлж, 1913—1914 онд Өвөр Монголыг чөлөөлөхөөр 10000 цэрэг таван замаар байлдаж Хаалган хүртэл давшсан байна.

Олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, ДИУ-ын нэхэлтийг сөрөхөөр Оросын Хаант Улс руу элч зарж тусламж гуйж байв. 1914-1915 оны Хятад-Монгол-Орос гурван улсын Хиагтын гэрээгээр тусгаар тогтносон бодит байдлаа баталж чадалгүй Гадаад Монгол нь Хятадын доор «өөртөө эзэрхэх» гэгджээ. 1919 онд хятадын Сю Шүжаны цэрэг Нийслэл хүрээг эзэлж, автономийг устган дарангуйлсан ч 1920 онд Барон Унгернээр удирдуулсан Оросын Хаант Улсын үлдэгдэл цагаан цэрэг нэвтэрч Үндэсний Хувьсгалт Армиг Хүрээнээс хөөхөд Хиагт руу бүгсэн. Богдыг дахин хаан ширээнд өргөмжиллөө. 1921 оны 3 сарын 18-нд Зөвлөлтийн улаан цэргээр дэмжүүлж Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Хиагтыг Үндэсний Хувьсгалт Армигаас чөлөөлж, 7-р сард Нийслэл хүрээнд орж ирсэнээс хойш Монгол улс дахин тусгаар тогтнолоо алдаагүй юм.

ЗХУ шинэ тутам коммунист ертөнцдөө Монголыг багтааж, Хятадаас өмгөөлөгч ар тал болжээ. Богдыг эхлээд хэмжээт эрхт болгоод Ардын засаг байгуулагдав. Богд нас барснаар хаант засгаас татгалзаж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг тунхаглан анхны үндсэн хууль баталж, нийслэлийг Улаанбаатар хэмээсэн. Харц ардыг тэтгэж, харин язгууртан, ламыг хавчих болсон бөгөөд 1932 онд шамбалын дайн дэгдэн дарагдаж, 1937 оны үед лам, сэхээтэн, феодал зэрэг 20,000 хүнийг хилсээр буудан хороожээ.

1936 оны Харилцан туслалцах протоколын дагуу 1939 онд Япон Монгол руу дайрахад ЗХУ цэрэг зэвсгээр тусалж, 1941 онд Герман Зөвлөлт рүү дайрахад БНМАУ агт, хувцас, аль байдгаараа тусалжээ. 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг Жанчхүүгийн даваа хүртэл Японоос чөлөөлж Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд болсон Яалтын бага хурлаар үнэлэгдэн, ард иргэдийн нэгэн үзүүрт сэтгэл биелж ЗХУ (Орос) ДИУ (Хятад) хоёр Монгол улсыг олсон тусгаар тогтнолоо хадгалахыг хүлээн зөвшөөрчээ.[30]

Хорлоогийн Чойбалсан Өвөр Монголыг нэгтгэхийг санаархсан ч Хятадыг коммунист улс болгосондоо ханасан Сталин дэмжээгүй.

1949 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, 1961 онд Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон.[31]

Социалист БНМАУ-ын нийгэм, эдийн засаг онц дэвшиж, тогтвортой суурь тавигджээ. Засаг захиргааны хуваарийг 1925, 1931, 1957 онд ихээр өөрчилж,[32] аймаг, сумын төв хот сууриныг барьж босгож, улсын болоод орон нутгийн байгууллага, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, тээвэр, урлаг, спортын байгууллага, холбоо, их сургууль гээд олон зүйл бий болжээ. 1941 оноос монгол бичгийг «хуучин монгол» хэмээн халж кирилл үсгийг «шинэ үсэг» хэмээн хэрэглэх болж, 1960-аад онд бүх нийтээр бичиг үсэгтэн болжээ. 1930-аад онд хамтрал, 1960-аад онд нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо, атрын аян явагдаж залуус илгээлтээр малчны хот, сангийн аж ахуйг зорьж ажилладаг байв. Дулааны цахилгаан станц, Налайхын уурхай, Багануурын нүүрсний уурхай, Шарынголын уурхай, Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Говь, Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс, Талх чихэр, Мах импекс зэрэг хүнд болоод хөнгөн аж үйлдвэр бий болж хөгжсөн байна.

Жамсрангийн Самбуу (1954—1972), Юмжаагийн Цэдэнбал (1940—1984), Жамбын Батмөнх (1984—1990) нар нам, төрийг олон жил тогтвортой тэргүүлж байв.

Ардчилсан Монгол

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Ардчилсан хувьсгал

ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, дорно Европын тэмцлийн салхи Монголд итгэл төрүүлж 1989 оны 12 сарын 10-нд ардчиллын төлөө анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) байгуулагджээ.[33] 1990 оны 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж 3 сарын 9-нд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.[34] Талууд харилцан ойлголцож «оготны хамраас дусал цус гаргаагүй» ардчилсан хувьсгал Монгол Улсад олон намын тогтолцоо, хүний эрх, хувийн өмч зэрэг олон зөв зүйлийг авчирсан юм.

1990 онд Улсын Бага Хурал, дараа нь Ардын Их Хурал байгуулагдан Монгол Улсын үндсэн хуулийг батлав. Үндсэн хууль ёсоор төрийн эрх ард түмний гарт, түүний төлөөлөл Улсын Их Хуралд шилжсэн.[35] 1992 оноос 2016 он хүртэл МАХН харьцангуй давамгай, заримдаа Ардчилсан Нам төр барьжээ. 2003 оноос иргэний хөдөлгөөн идэвхжиж, жагсаал цуглаан хэвийн үзэгдэл, Оюутолгой, Тавантолгой байнгын ярианы сэдэв болсон.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд бусад орны адил хямарсан бөгөөд үнийн өсөлт, мөнгөний ханш уналт, банкны дампуурал, барааны хомсдол зэрэг олон бэрхшээл үзсэн ч 2000-аад он гарснаар байдал дээрдэж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдрал улам олон төрлөөр салбарлан хөгжиж байна Гэвч 2012 оноос хойш экспортын гол бүтээгдэхүүн болох ашигт малтмалын дэлхийн зах зээлийн уналт, мөн гадаад худалдааны гол харилцагч орон болох Хятадын эдийн засгийн удаашрал, хамгийн гол нь засгийн газрын үрэлгэн бодлогын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширсан бөгөөд 2016 оны сонгуулиар МАН эдийн засгийг сэргээх амлалт өгч, эрх баригч хүчин болжээ.

Үндсэн өгүүлэл: Монгол улсын улс төр

Монгол Улс (1992 оноос хойш) ардчилсан дэглэм, парламентын бүгд найрамдах засагтай.

Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд эв нэгдлийн илэрхийлэл, зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. Ерөнхийлөгч 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх ба дөрвөн жил тутам парламентат суудалтай намаас нэр дэвшин ард түмний шууд сонгуулиар сонгогдож, нэг удаа улирах эрхтэй. Тус хугацаанд Пунсалмаагийн Очирбат (1990—1997), Нацагийн Багабанди (1997—2005), Намбарын Энхбаяр (2005—2009), Цахиагийн Элбэгдорж (2009—2017), Халтмаагийн Баттулга (2017-2021) нар ажиллажээ.

Улсын Их Хурлын танхим
Үндсэн өгүүлэл: Улсын Их Хурал

Монгол Улсын хууль тогтоох байгууллага нь Улсын Их Хурал (УИХ) юм. УИХ-ын нэг танхимын 76 суудлыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Сүүлийн сонгууль тус бүр нэг мандаттай жижиг 76 тойрог бүхий мажоритари системээр зохион байгуулагдсан.

1992 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Хувьсгалт Нам (72 суудал), 1996 онд Ардчилсан холбоо эвсэл (50), 2000 онд МАХН (72) дийлэнх олонх суудал авч байсан бол 2004 онд 38-38-аар тэнцэж анх удаа «эвслийн» тодотголтой засгийн газар байгуулагдаж байв. 2008 онд МАХН (45), 2012 онд Ардчилсан Нам (34) олонхын санал авч засгийн газраа тэргүүлжээ. УИХ нь 2016 оны сонгуулиар бүрэлдсэн бөгөөд МАН 65 суудал, АН 9 суудал, МАХН 1 суудалтай, мөн 1 бие даагч сонгогдон ажиллаж байна. 2020 оны Улсын Их Хурлын Сонгуулийн 29 тойргоос МАН 62 суудал, Ардчилсан нам 11 суудал, Та бидний эвсэл 1 суудал, Зөв Хүн Электорат Эвсэл 1 суудал авснаар бүрдэж, 2024 он хүртэл УИХ-ын даргаар нь Гомбожавын Занданшатар ажиллаж байсан.

2024 оны Улсын Их Хурлын Сонгуульд шинэ системээр явагдаж, 13 тойргоос 78 дэвшигчийг сонгож, 48 дэвшигчийг намын жагсаалтаас сонгохдоо намд өгсөн саналын хувьтай дүйцүүлэн хуваарьлав. МАН: тойргоос 50, жагсаалтаас 18 нийт 68 суудал; Ардчилсан нам: тойргоос 26, жагсаалтаар 16 нийт 42 суудал; ХҮН нам: тойргоос 2, жагсаалтаас 6 нийт 8 суудал; ИЗНН: жагсаалтаас 4 суудал; Үндэсний эвсэл жагсаалтаас 4 суудал авч нийт 126 гишүүнтэй УИХ бүрдсэн. Одоогийн УИХ-ын дарга нь Дашзэгвийн Амарбаясгалан юм.

Есөн хөлт
Их цагаан туг

Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь Монгол Улсын Засгийн Газар (ЗГ) юм. УИХ-ын сонгуульд олонх суудал авсан нам ерөнхий сайдыг тодруулах боломжтой ба ерөнхий сайд сайд нарын багаа бүрдүүлдэг. Засгийн газрын яамны тоо, бүтэц үргэлж өөрчлөгддөг. Яам үүргээрээ ерөнхий чиглэлийн (Сангийн яам шиг), чиг үүргийн (зам тээврийн гэх мэт) гэж хоёр янз байдаг.

Өнөөгийн ерөнхий сайд бол 2021 оны 1 сарын 27-нд томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа улиран сонгогдож, "МАН-АН-ХҮН" намын Хамтарсан засгийн газрыг байгуулсан.

Шүүх байгууллага

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсад шүүх байгууллага төрийн хараа хяналтаас ангид ажиллана.

  1. Улсын дээд шүүх (хяналтын шатны шүүх).
  2. Аймаг, нийслэлийн шүүх (давж заалдах шатны шүүх).
  3. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх (анхан шатны шүүх)-ээс бүрдэнэ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 2020 оноос хойш Дамдины Ганзориг ажиллаж байна.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) элсэж, түүний түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.[36] БНМАУ-ын үед Зөвлөлттэй ах дүүгийн ёсоор дотно харилцаатай байсан ба МУ-ын үед «Гуравдагч хөршийн бодлого» хэрэгжүүлсэн. Олон улстай найрсаг, төвийг сахисан, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлдэг. 1921 онд Зөвлөлт Холбоот Улс (одоо Оросын Холбооны Улс залгамжилсан), 1948 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаа тогтоосноос эхлээд 184 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.[37]

Монгол Улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Бразилиа, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Жакарта, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Хөх хот, Эрээн, Хонконг, Осака, Сан-Франциско, Чикагод албан ёсны Ерөнхий Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх төлөөлөгч суудаг.

АХБ, ДХБ, ОУВС, ЕАБХАБ зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудад гишүүнээр элссэн.

Цэрэг дайчид

Монгол Улс нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний хүрээнд Монголын цэргийн баг Сьерра Леонд НҮБ-ийн тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. 2005-аас 2006 онуудад Бельги ба Люксембургийн цэргүүдтэй хамт Косово руу цэргийн баг илгээжээ. Мөн Африкийн Чад улс уруу зэвсэгт хүчний 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол Улс 2003 онд Иракийн эрх чөлөө ажиллагааг дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж Афганистан руу цэргийн багуудаа илгээсэн. 2012 оноос Өмнөд Судан улс руу нэг ээлжиндээ 850 гаруй хүний бүрэлдхүүнтэй цэргийн багуудыг удаа дараалан илгээгээд байна.

Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн НҮБ-аар баталгаажсан.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]
Засаг захиргааны нэгж Тоон
нийлбэр
Аймаг: 21 Нийслэл: 1 22
Сум: 330 Дүүрэг: 9 339
Баг: 1647 Хороо: 204 1851

Монгол Улсын нутаг дэвсгэр нь 1992 оны үндсэн хуулийн IV бүлэгт зааснаар аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо гэсэн нэгжид хуваагддаг. 1994 онд гурван аймаг шинээр байгуулагдсанаар 21 аймаг байдаг болжээ.

Аймаг нь суманд, сум нь багт хуваагдана. 2024 оны байдлаар Монгол Улсад 330 сум, 1647 баг байна. Харин нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагддаг. 2024 оны байдлаар нийслэл 204 хороотой байна.[38]

Монгол Улсын хорин нэгэн аймаг, нийслэл (Улаанбаатар)-ийн товч хүснэгт:

Д/д Нутгийн нэр Хүн ам
(2018 он)[39]
1 Архангай ᠠᠷᠤᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ 96,720
2 Баян-Өлгий ᠪᠠᠶᠠᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢ 105,090
3 Баянхонгор ᠪᠠᠶ᠋ᠠᠩᠬᠣᠩᠭ᠋᠋ᠤᠷ 88,356
4 Булган ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ 62,214
5 Говь-Алтай ᠭᠤᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ 58,417
6   Говьсүмбэр ᠭᠤᠪᠢᠰᠦᠢᠮᠪᠦᠷ 17,796
7 Дархан-Уул ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ 105,923
8 Дорноговь ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ 69,304
9
Дорнод
ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ 80,984
10 Дундговь ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ 46,628
11 Завхан ᠵᠠᠪᠬᠠᠨ 72,779
Д/д Нутгийн нэр Хүн ам
(2018 он)[39]
12 Орхон ᠣᠷᠬᠣᠨ 105,987
13 Өвөрхангай ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ 117,112
14 Өмнөговь ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ 66,722
15 Сүхбаатар ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 62,322
16 Сэлэнгэ ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ 111,403
17 Төв ᠲᠥᠪ 95,662
18 Увс ᠤᠪᠰᠤ 84,309
19 Улаанбаатар ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 1,491,375
20 Ховд ᠬᠣᠪᠳᠤ 88,330
21 Хөвсгөл ᠬᠥᠪᠰᠦᠭᠦᠯ 133,964
22 Хэнтий ᠬᠡᠨᠲᠡᠢ 77,028

Нутгийн удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Бүх түвшний засаг захиргаат нутаг өөрийн гэсэн хилтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна. Эхний хоёр түвшний нутгийн өөрөө удирдах байгууллагыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ), баг, хорооныхыг иргэдийн Нийтийн хурал (ИНХ) гэнэ. Төрийн шийдвэрийг нутгийн Засаг дарга хэрэгжүүлнэ.[40]

Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан үлдээх, нутаг дэвсгэрийг тэнцвэртэйгээр хөгжүүлэхийн тулд улсын газар нутгийг 7 бүсэд хуваасан байдаг.[41] Үүнд:

  1. Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг;
  2. Баруун бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;
  3. Хойд бүс: Булган, Орхон, Хөвсгөл аймаг;
  4. Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг;
  5. Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг;
  6. Улаанбаатарын бүс: нийслэл Улаанбаатар хот ба түүний дагуул хотууд;
Үндсэн өгүүлэл: Монголын эдийн засаг

Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв[42]. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.

Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%[43], ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ.[44]

1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.[45][46]

ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.

Шинжлэх ухаан, технологи

[засварлах | кодоор засварлах]

1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол Улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна.

Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсын сургуулийн өмнөх насныхан хүүхдийн цэцэрлэг, гэрээр хүмүүжих ба 6 нас хүрээд сурагч болно. Бага боловсрол (5 жил), суурь боловсрол (9 жил), бүрэн дунд боловсрол (ерөнхий боловсрол, 12 жил)-ыг дунд сургуульд олж авна. Өмнө нь 1950-аад оноос 1995 он хүртэл 10 жил байсан.

Дээд боловсрол бакалавр, магистр, докторын зэрэг гээд шатлах ба их сургууль (ИС), дээд сургууль (ДС), хүрээлэнд сурч эзэмшинэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) гэж бий. Бакалавр 4-6 жил, магистр 2 жил суралцдаг.

Монгол улсын их дээд сургуулиудын заримыг дурдвал:

Улс даяар бүх нийтээр амардаг баяр:[47]

Улсын наадмын Хүй
долоон худгийн дэнж
Сар, өдөр Баяр Тайлбар
1 сарын 1 Шинэ жил 12 сарын 31-ны үдэш баярлаад 1 сарын 1-нд амарна.
1-2 сар (тайлбар →) Цагаан сар Билгийн тооллын шинэ жил. Гурав хоног амарна.
3 сарын 8 Эмэгтэйчүүдийн баяр Мартын 8 гэж бас хэлнэ.
6 сарын 1 Хүүхдийн баяр Эх үрсийн баяр гэж хэлдэг байсан.
7 сарын 11-15 Үндэсний их баяр наадам Улс, аймаг, сумын наадам болно. 5 өдөр амарна.
11 сар (тайлбар →) Монгол бахархлын өдөр Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн.
Чингис хааны төрсөн өдөр.
12 сарын 29 Тусгаар тогтнолын өдөр 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр.
11 сарын 26-ны Улс (БНМАУ) тунхагласан өдрийн
бүх нийтийн амралтыг энэ өдөр рүү шилжүүлсэн.
Гэр

Монгол болон Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт сууц гэр юм. Мод, эсгийг ашиглан 4-6 хана тойруулж, тоононд унь тулган босгодог, эсгийгээр туурга хийх дугуй хэлбэртэй, оньсон бүтээцтэй, нүүж суухад тохирох эд юм. Сүм хийд, орд өргөө ч болдог байв.

16-17-р зуунаас буддын сүм хийд чулуу, шавраар барьдаг болсон ба монгол, төвөд, хятад хийцийг хослуулж байжээ.

Дээр үеэс Уянгын модон гэр, Дарьганга хийц алдартай. Мөнгөн аяга, хэт хутга гээд дарханы үйл үнэлэгддэг байсан.[48]

Дээл, малгай, гутал монголын олон ястанд өвөрмөц бөгөөд улирал, нас, хүйсэнд тохируулж олон янз хийдэг байв.

Монголд уламжлал шинэчлэл хосолж байна. Монголчууд эртнээс таван хошуу малын мах, цагаан идээ зооглож ирсэн. Махаар хорхог, боодог, шорлог хийх ба дулаан цагт айраг, тараг, ээзгий, өрөм, бяслаг, аарц, ааруул зэрэг цагаан идээ бэлтгэн хэрэглэдэг. Архи нэрнэ. Казах үндэстний казы, бешбармак зэрэг хоол бий.

20-р зуунаас гурил, цагаан будаатай хоол зонхилж, хүнсний ногоо, тахиа, гахайны мах нэмэгдсэн. Гурилтай шөл, цуйван, будаатай хуурга, хуушуур, бууз үндэсний хоол болов. Монгол Улсад зоогийн газар ихээр үүсч хятад, солонгос, европ хоол хаа сайгүй хийдэг болжээ. Цагаан хоолтон, зөв хооллолт бий болсон.

Морин хуур

Монголын утга зохиол их хөгжсөн. Нацагдоржийн «Миний нутаг», Явуухулангийн «Би хаана төрөө вэ», Пүрэвдоржийн «Сэгс цагаан богд», Ринчений «Монгол хэл», Лодойдамбын «Тунгалаг тамир» гээд олон зохиолчийн шүлэг, найраглал, тууж, өгүүллэг, роман 108 боть болсон.

Монголчууд эртнээс дуу бүжигтээ сайн. МНТ-д «...хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав...» гэсэн нь бий. Уламжлалт уртын дуу, богино дуу, ардын дуунаас гадна орчин үеийн дуурь, рок, поп, хип хоп, зохиолын дуу дуулдаг. Хөөмий, исгэрээ зэрэг хоолойн өвөрмөц урлаг, бий биелгээ, аягатай бүжиг, ёохор гэсэн өөрийн дэг төрөл байна. Сэвжидийн дэглэсэн «Жалам хар» бүжиг алдартай.

Морин хуур, аман хуур, төгөлдөр хуур, хуучир, ёочин, бүрээ, ятга, гитар, хийл, лимбэ зэрэг хөгжмийн зэмсэг хэрэглэнэ.

1938 оны «Норжмаагийн зам»-аас эхлээд Монгол кино үйлдвэр ганцаар кино бүтээх болсон. Хувьсгал, хөдөө хотын амьдрал, ажил хөдөлмөрийн сайхныг, шашны мууг гаргадаг байв. 1970-аад оноос баримтат кино хийдэг болсон. Шилжилтийн үед унасан кино урлаг 2000-аад оны сүүлээс илт сайжирч олон студи жилдээ 20-30 уран сайхны кино, мөн телевизийн олон ангит кино хийдэг болсон. Бямбасүрэнгийн найруулсан «Ингэн нулимс» кино нь 2005 оны Оскарын шагналын шилдэг гадаад баримтат кинонд дэвшиж байсан удаатай.

Норовбанзад уртын дууч, Гончигсумлаа хөгжмийн зохиолч, Норовсамбуу уран нугараач, Цэвээнжав жүжигчин зэрэг олон авьяастан төржээ.

Сур харваа

«Эрийн гурван наадам» хэмээх хурдан морь, сур харваа, үндэсний бөх гурав Монголд спорт маягаар хөгжсөн. Бөхчүүдээс дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын наадамд 11, Хорлоогийн Баянмөнх 10 түрүүлсэн ба харваачдаас гарамгай мэргэн Аюушийн Цэвээн үлгэр дуурайлал болж явдаг. Хэдий адгуус ч гэсэн морины уралдаан монголчуудад онцгой бахдалтай бөгөөд 2000-аад оны Эрдэнэчулууны шарга, 1950-аад оны Шийтэрийн зээрд азаргад төрөөс онцгой цол хайрласан удаатай.

20-р зууны дунд үеэс Монголд их спорт хөгжиж, 1964 оны Токиогийн олимпоос хойш өвөл, зуны олимпод оролцдог болсон. 1968-2012 оны хугацаанд бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх (топ 4)-өөр олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, бүгд 24 медаль хүртээд байна. 2008 оны Бээжингийн олимпоос Найданы Түвшинбаяр жүдоч, Энхбатын Бадар-Ууган боксчин хоёр анхны алтыг хослуулан авчирсан бөгөөд мөн жилийн паралимпад байт харваач Дамбадондогийн Баатаржав аварга болжээ.

Спортын төв ордон. 2012 оны олимпын багийн зар.

1971 онд Должингийн Дэмбэрэл байт харваач анхны дэлхийн аварга болсон бол дэлхийн аварга болсон анхны чөлөөт бөх Зэвэгийн Ойдов (1974), анхны жүдоч Хашбаатарын Цагаанбаатар (2009), анхны боксчин Пүрэвдоржийн Сэрдамба (2009) байлаа.

Монголын эмэгтэй буудлагын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр (гавьяат тамирчин), Отрядын Гүндэгмаа (хөдөлмөрийн баатар) нар 1990-ээд оноос хориод жил тив, дэлхий, олимпод амжилт гаргасаар олимпын аваргаас бусад бүх цолыг авсан.

Монголчууд Японд сүмо барилддаг болсон. Асашорю Дагвадорж анх 2003 онд ёкозүна (аварга) болсоноос хойш Хакүхо Даваажаргал (2007), Харүмафүжи Бямбадорж (2012), Какүрю Ананд (2014) нар залган сүмогийн дэвжээг эзэгнэсээр байна.

Хүүхэд залуус хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисийг түгээмэл тоглодог, сонирхдог.

 Commons: Монгол Улс – Викимедиа дуу дүрсний сан


  1. "Official Documents to be in Mongolian Script". UB Post. June 21, 2011. Archived from the original on November 1, 2011. Татаж авсан: 2010-07-11.
  2. 2.0 2.1 "Хун ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогы нэгдсэн дун" (PDF). Archived from the original (PDF) on 7 November 2020. Татаж авсан: 16 August 2021.
  3. Odonkhuu, Munkhsaikhan (Хоёрдугаар сар 12, 2016). "Mongolia: A Vain Constitutional Attempt to Consolidate Parliamentary Democracy". ConstitutionNet. International Institute for Democracy and Electoral Assistance (International IDEA). Архивласан огноо Хоёрдугаар сар 25, 2016. Татаж авсан: Хоёрдугаар сар 21, 2016. Mongolia is sometimes described as a semi-presidential system because, while the prime minister and cabinet are collectively responsible to the SGKh, the president is popularly elected, and his/her powers are much broader than the conventional powers of heads of state in parliamentary systems.
  4. "Mongolia". The World Factbook. CIA. Татаж авсан: Наймдугаар сар 9, 2015. World Factbook
  5. "Үндэсний статискийн хороо".
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, January 2019". IMF.org. Олон Улсын Валютын Сан. Татаж авсан: 24 February 2019.
  7. "GINI index (World Bank estimate) – Mongolia". data.worldbank.org. Дэлхийн Банк. Татаж авсан: 22 March 2020.
  8. Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Татаж авсан: 16 December 2020.
  9. "Mongolia Standard Time is GMT (UTC) +8, some areas of Mongolia use GMT (UTC) +7". Time Temperature.com. Архивласан огноо Аравдугаар сар 13, 2007. Татаж авсан: Есдүгээр сар 30, 2007.
  10. legalinfo.mn: (Memento 30. Тавдугаар сар 2019 цахим архивт) Монгол Улсын үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, нэгдүгээр зүйл
  11. Ш.Гүрбазар бичиж, Хурд хамтлаг дуулсан «Би Монголоороо гоёдог» дуунаас.
  12. "МОНГОЛ ОРНЫ ТӨВ БУЮУ "ХҮЙС ЦЭГ" ХААНА БАЙДАГ ВЭ?". Archived from the original on 2022-03-04. Татаж авсан: 2023-06-22.
  13. "Монгол улсынхаа хамгийн хамгийнийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу?". Archived from the original on 2019-02-20. Татаж авсан: 2023-06-22.
  14. ВЕСТНИК[permanent dead link]. (2012)
  15. Иргэний бүртгэлийн түүхэн тойм ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
  16. Монгол Улсын гурван сая дахь иргэнээр охин хүүхэд тодорлоо (Memento 8. Есдүгээр сар 2015 цахим архивт) (2015)
  17. [Archive copy (Memento 29. Нэгдүгээр сар 2018 цахим архивт) CIA World Factbook". CIA. 2012.]]
  18. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  19. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  20. "MGLRADIO". Archived from the original on 2015-09-09. Татаж авсан: 2023-06-22.
  21. Орос-Хятадын харилцаа ба Монгол улсын аюулгүй байдал (Memento 10. Гуравдугаар сар 2016 цахим архивт) (2011)
  22. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай (Memento 24. Зургаадугаар сар 2021 цахим архивт) (2010)
  23. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  24. Монгол улсын хүн амын 2010 оны тооллогын дүн
  25. Монгол улсын статистикийн эмхтгэл-2010.
  26. "URBANIZATION". Archived from the original on 2019-01-22. Татаж авсан: 2023-06-22.
  27. "Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт". Institute of Mongolian Archaeology. 2013-06-24. Archived from the original on 2013-12-26. Татаж авсан: 2023-06-22.
  28. Eleanora Novgorodova, Archäologische Funde, Ausgrabungsstätten und Skulpturen, in Mongolen (catalogue), pp. 14–20
  29. "Archive copy". Archived from the original on 2012-10-11. Татаж авсан: 2023-06-22.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  30. Ахмад дипломатчын дурсамж: Монголын статус кво (2011)
  31. НҮБ-д элсэхийн тулд найман удаа санал дэвшүүлжээ (Memento 11. Тавдугаар сар 2012 цахим архивт) (2011)
  32. Засаг захиргааны нэгжийн үүсэл хөгжил (Memento 7. Наймдугаар сар 2020 цахим архивт) (2014)
  33. Монголын ардчилсан хувьсгалын хроник (Memento 3. Аравдугаар сар 2017 цахим архивт) (2009)
  34. Анхны улстөрийн өлсгөлөн (2015)
  35. Монгол Улсын Үндсэн Хууль (Memento 2. Наймдугаар сар 2021 цахим архивт) (1992)
  36. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
  37. Дипломат харилцаатай орнууд (2014)
  38. "МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, бүс, аймаг, нийслэлээр". www2.1212.mn Үндэсний статистикийн хороо. 2024-03-25. Татаж авсан: 2013-03-16.
  39. 39.0 39.1 "МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТОО, бүс, аймаг/нийслэл, хот/хөдөөгөөр". 1212.mn. Татаж авсан: 2019-04-08.
  40. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named хуульзасагзахиргаа
  41. "МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ". legalinfo.mn. 2024-06-05. Татаж авсан: 2024-07-14.
  42. CIA World Factbook: Mongolia (Memento 29. Нэгдүгээр сар 2018 цахим архивт)
  43. Statistical Yearbook of Mongolia 2006, National Statistical Office, Ulaanbaatar, 2007
  44. Morris Rossabi, Beijing's growing politico-economic leverage over Ulaanbaatar, The Jamestown Foundation, 2005-05-05, (retrieved 2007-05-29)
  45. Jeffs, Luke (2007-02-12). "Mongolia earns a sporting chance with fledgling operation". Dow Jones Financial News Online. Татаж авсан: 2007-09-11.
  46. Cheng, Patricia (2006-09-19). "Mongolian bourse seeks foreign investment". International Herald-Tribune. Архивласан огноо 2007-04-20. Татаж авсан: 2007-09-11.
  47. "НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ". Archived from the original on 2021-07-24. Татаж авсан: 2023-06-22.
  48. Д.Сүхээ: “Уянга”-ын гэх хийц нь цуулбар модоор унь болон ханаа хийдэгт л байгаа юм